Storytelling: Судан хүү “Монгол” нэртэй болсон түүх
Мрнгол цэргийн баяр болж байгааг тохиолдуулан та бүхэнд Судан хүү “Монгол” нэртэй болсон түүхийг сонордуулая. Энхийг сахиулагчаар алба, үүргээ гүйцэтгэж байхдаа бусдын халуун амийг аварч явсан олон дайчдаасаа онцлон нэгэн баатрын дурсамжийг хүргэж байна.
Түүх өгүүлэгч Энхийг сахиулагч, Энхийг дэмжих сургалтын төвийн багш, хошууч Н.Дөлгөөн
“Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэнэ гэдэг маш хэцүү. Дөнгөж онгоцноос буугаад газардахад л буун дуу гарч, тасралтгүй бөмбөг дэлбэрч байдаг.
Аймшигтай мэдээнүүдийг ч сонсдог. Жишээ нь сургууль дээр бөмбөг дэлбэрч 15 хүүхэд шархадлаа, 10 эмэгтэй нас барлаа, гурван хүүхэд гар бөмбөг дээр гишгэлээ гэх мэт.
Ийм мэдээлэл байнга сонсох бидний хувьд тийм ч амар биш. Их сэтгэл зүйн дарамтад ордог.
Маш аюултай орчинд ажилладаг. Орой унтаж байхад аюулын дохио зарлах бол энгийн үзэгдэл. Яагаад гэвэл бааз руу зэвсэгт этгээдүүд халдах гэж байна гэсэн тагнуулын мэдээ ирж, бид бэлэн байдалд ордог.
Бүх цэргийн алба хаагчид хуяг дуулгаа өмсөж, буугаа үүрч, хамгаалалтуудаа авна. Энэ хүнд өдрүүдээс миний зүрхэнд тодоор үлдсэн тэр нэгэн дурсамжийг яръя”.
Судан хүү “Монгол” нэртэй болсон түүх
Бид эргүүлдээ гарч дуусаад баазын байр руугаа буцаж явахдаа замаас 10 орчим км-ийн зайд жирэмсэн эмэгтэй хоёр хүүхэдтэйгээ газарт хэвтсэн байхтай таарсан.
Тэднийг тойроод нутгийн иргэд зогсож байгаа ч огт туслаагүй. Харин ч хоорондоо юм ярьж, шоолж байв.
Хоёр хүүхэд нь уйлж, ээжид минь туслаач гэж Араб хэлээр орилж байсан нь одоо ч чихэнд сонсогдож байна. Англи хэл мэдэхгүй, мэддэг ганц үг нь UN Help /НҮБ туслаач/.
Тэр үед би цуваагаа зогсоож, эмэгтэйг тойрч 360 градусын хамгаалалт авсан. Гаднаас хадлага оруулахгүй байхын тулд.
Тухайн эмэгтэйд үзлэг хийхээр эмчтэйгээ очиход төрөхийн хүндрэл үүсэж, ус нь гарч, даралт нь ихэссэн байсан.
Эмч хэлэхдээ “Энэ эмэгтэйг яаралтайг эмнэлэгт хүргэж өгөхгүй бол амь насанд нь аюул учирна” гэсэн.
Иймд бид хурдан шийдвэрээ гаргаж, 25 км-ын зайд байрлах хамгийн ойрхон эмнэлэг рүү явсан.
Бүгд Найрамдах Судан улс зам харилцаа хөгжөөгүй, шороон замтай учраас 10-15 км цагийн хурдтай л явах боломжтой.
Ингээд бид 15 минут орчим явж эмэгтэйг хүргэж өгсөн. Бид тэнд удаан саатах боломжгүй учир буцаад эргүүлдээ гарсан.
Маргааш нь эмэгтэйн биеийн байдлыг асууж, ерөнхий эмчтэй уулзахаар очиход “Танд маш баярлалаа.
Та бүхэн өвчтөнг цаг алдалгүй эмнэлэгт авчраагүй бол энэ эмэгтэй эсэн мэнд төрж чадахгүй байсан. Та хоёр хүний амь аварлаа” гэж хэлсэн.
Тэр үед өчигдөрхөн амь тэмцэж, амь нас нь дээсэн дөрөөн дээр байсан эмэгтэй инээд алдаад хүүхдээ тэвэрчихсэн бидэн дээр ирэх нь тэр.
Тэрбээр “Нэгдсэн үндэсний байгууллага та бүхэнд маш их баярлалаа. Та бүхэн хүү бид хоёрыг аварсан.
Та хаанаас ирсэн бэ даргаа?” гэж асуухад нь Монгол гэж хариултал, “Та байгаагүй бол хүү минь энэ хорвоод төрж чадахгүй байсан. Тийм учраас би хүүдээ Монгол гэдэг нэрийг өгье гэж хэлээд хүүгээ надад тэврүүлж, үнсүүлсэн”.
Тэр үед нь маш их баярлаж, баярын нулимс гарч байлаа. Цэрэг, цагдаагийн мэргэжлийг сонгож энхийг сахиулагчаар ажилласандаа талархаж, өөрөөрөө маш их бахархсан”
“Монгол хүн болж төрсөндөө баярлаж явах хэрэгтэй”
-Та одоо хүүтэй холбоотой байгаа юу?
-Үгүй, гэхдээ хүүг ямар болсон бол гэж дандаа боддог.
-Энхийг сахиулах албаа дуусгаад эх орондоо ирэхэд ямар байдаг вэ?
-Монголынхоо цэнгэг агаарыг амьсгалах үед амьдрал цэлмэх шиг л болдог. Ямар азаар монгол хүн болж төрөө вэ гэж боддог. Их том аз, хувь тохиол.
Миний эх орон дайнгүй, буун дуу гардаггүй энх тайван байдаг улс. Залуус эх орноо хайрлаж, эр цэргийн албаа хаах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.
Эх сурвалж:eguur.mn