ДЭЛХИЙН АВАРГА Ц.ЦОГТБААТАРЫН ЭЭЖ С.ЭНХТУЯА: ХҮҮГИЙН МИНЬ ЗОГСОЛТГҮЙ ХӨДӨЛМӨР, ТУУШТАЙ ЗАН НЬ АМЖИЛТАД ХҮРГЭСЭН

-Хүүгээ бэлтгэлд нь явуулах унааны мөнгөгүй үе таарч, тарнитай 500 төгрөгөө 20 төгрөгтэй хавсарч, энергийг нь шингээж аваад, хүүдээ өгч байлаа-

     Жүдо бөхийн дэлхийн аварга, “Токио-2020” олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатарыг гавьяат тамирчин цолоор шагнахаар болсон билээ. Түүний бага нас болоод тамирчин болж байсан үеийнх нь талаар ээж С.Энхтуяаай нь ярилцлаа.

       -Хүүгийнх нь хичээл зүтгэл, хөдөлмөр, гавьяаг нь төр үнэлж Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ. Та хоёр баярт мэдээгээ хэрхэн хуваалцсан бэ?

      -Хүү минь багадаа ямар нэгэн тэмцээн, уралдаанд орох гэж байгаа тухайгаа баяр, хөөр болж хэлдэг байсан бол одоо олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэж, баярт мэдээгээ хамгийн түрүүнд ээждээ дуулгадаг болсон.

Төр засаг хүүгийн минь хөдөлмөр, гавьяаг үнэлж, гавьяат тамирчин цолоор шагнаж байгаад туйлын баяртай байна.

Гавьяатай хүний алдарыг үнэлж, гавьяат цолоор шагнадаг байх гэж боддог доо. Хүү минь энэ сарын 30-нд “Их дуулга”-ын тэмцээнд оролцохоор явна.

Гавьяат тамирчин болсон даруйдаа тэмцээнд явж байгаад нь дотроо баярлаж байгаа.

-Та бүхэн хүүгээ жүдогоор хичээллэхэд нь хэрхэн дэмждэг байв. Танайханд бөхийн удам бий юү?

      -Надад болон миний ханийн удамд бөх хүн байхгүй. Миний хүү 2007 оны нэгдүгээр сард 11 настайдаа жүдо бөхийн спортоор хичээллэж эхэлсэн.

Тэгээд 10-аад хоногийн дараа “Олимпын гараа” тэмцээнд орж, хүү минь хүрэл медаль авч байсан. Тэр цагаас миний хүүгийн амжилтын гараа эхэлж байжээ хэмээн бодож сууна. Багаасаа бөхөд их дуртай хүүхэд байсан. Тав, зургаан настай байхад нь хамт улсын наадам үзсэн юм.

Гэтэл “Ээж ээ, би барилдмаар байна. Намайг бүртгүүлээд өгөөч”  гэж гуйсан. Тэгэхээр нь “Миний хүү, энд дандаа том хүмүүс барилддаг юм. Миний хүү том болоод барилдаарай” гэтэл “Би одоо барилдмаар байна” гэж  уйлж байсан юм.

Хүүгийнхээ бэлтгэлийг таслахгүйн тулд багш нар дээр нь медаль, өргөмжлөлийг нь авч очиж үзүүлчихээд, хичээлийнх нь даалгаврыг нь авдаг байлаа. Сүүлдээ намайг сургуулийнхан нь андахаа байсан даа.

Хүүгээ эхнэр авахаас нь өмнө оймсноос нь эхлээд бүхнийг бэлдэж өгдөг байсан. Миний бэлдэж, хийж өгдөг байсныг одоо эхнэр нь хийж өгч байгаа.

-Бөхийн удамгүй ч гэлээ хүү нь өөрийнхөө хүсэл, мөрөөдлөөр жигүүрлэж, түүндээ дурлаж, олон амжилтын эзэн болж байгаа. Та бүхний хувь нэмэр ч чухал нөлөө үзүүлсэн байх?

      -Хүү минь ухаан орсон цагаасаа л “Бөх болно, дэлхийг донсолгосон бөх болно” гэж ярьдаг байсан юм.

Тэр үед нь би “Миний хүүгийн дэлхийг донсолгосон бөх болох гэж юу байх вэ дээ. Хүүхдийн л бодол юм даа” гэж боддог байж билээ. Гэтэл хүүгийн минь надад ярьж, хэлдэг байсан амжилт, мөрөөдөл бүхэн биелэлээ олж байгаа.

Хүмүүс “Амны билгээс ашдын билэг” гэж ярьдаг шүү дээ. Үүнийг ямар үнэн үг вэ гэдгийг хүүгийнхээ амжилтаар мэдэрсэн дээ.

-Хүү нь 11 настайдаа Ц.Шийрэв багшийн шавь болж, дэвжээн дээр гарахдаа танд юу хэлж байсан бэ?

      -Хүү минь телевизээр бөхийн өргөөнд хүүхдүүдийн барилдаан болох тухай зар харчихаад “Би барилдмаар байна. Би барилдаж чадна” гэсэн. Тэр үед том ах нь бас барилдах сонирхолтой байсан юм.

Тэгээд надад ээжээ “Аав та хоёр Цогоогийн хүслийг биелүүлчих. Цогоог барилдуулаад үз. Бидний нэг нь ч болтугай барилдвал гоё шүү дээ” гэсэн юм.

Тэгээд барилдааных нь өдөр аав нь Цогоог дагуулаад 10 мянган төгрөгтэй явсан юм. Тэр үед манайх Толгойтод амьдардаг байлаа. Гэтэл Цогоо аавыгаа “Хоёулаа мөнгөөрөө такси  барья.

Тэгэхгүй бол хоцрох нь” гэсээр байгаад таксинд суугаад явсан гэдэг. Харин бөхийн өргөөнд очтол бүртгэлийн хураамж болох 10 мянган төгрөг, хүүгийн төрсний гэрчилгээ хэрэгтэй гэтэл Цогоо барилдаж чадахгүй нь гээд уйлсан гэдэг.

Тэгэхээр нь би тэдний хойноос төрсний гэрчилгээ, бүртгэлийнх нь мөнгийг аваад очтол бөх нь эхэлчихсэн, Цогоо уйлчихсан сууж байна. Тэгэхээр нь би “Гурвуулаа  нэгэнт ирчихсэн юм чинь бөх үзээд явъя” гэлээ.

Тэгээд сууж байтал манай хөгшин дэвжээн дээр Ц.Шийрэв багш сууж байна. “Чи хүүгээ бөх болгоё гэж бодож байгаа бол яг одоо Ц.Шийрэв багш руу дагуулаад яв” гэлээ.

Тэгэхээр нь би яаж очих билээ дээ гэж жаахан халгаж сууснаа Цогоог дагуулаад Ц.Шийрэв багш дээр очиж, үнэн учраа хэлж, хүүгээ тэмцээнд оруулж болох эсэхийг нь асуулаа.

Гэтэл Ц.Шийрэв багш “Одоо тэмцээнд орох боломжгүй. Бөхөд тийм их дуртай юм бол нэг дэх өдөр спортын ордонд дагуулаад ирээрэй” гэв.

Цогоо минь бөөн баяр болж, бид гурав гэр рүүгээ шууд явж, хүүгээ бэлтгэлд нь явуулахаар хувцсыг нь бэлдсэн. Тэгээд л хүү минь “Олимпын гараа” тэмцээнд орж эхний амжилтаа гаргаж байлаа.

-ХҮҮГИЙН МИНЬ “ӨГӨӨМӨР” ЗАХ ДЭЭР ОЧИЖ ХОЁР АХДАА ТУСАЛДАГ БАЙСАН ХӨДӨЛМӨР, ТАМИРЧНЫ АЛДАРТ ХҮРСЭН ГАВЬЯАГ НЬ ТӨР ҮНЭЛЖ, ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР ШАГНАЖ БАЙГААД БАЯРТАЙ БАЙНА-

-Хүүгийнхээ бэлтгэлд явж байсан үеийнх нь дурсамжаас хуваалцаж болох уу. Толгойтоос хичээлийнхээ хажуугаар бэлтгэлдээ явдаг байсан гэхээр их тэвчээртай, мөрөөдөлдөө үнэнч хүүхэд байж ээ?

      -Хүү минь дуртай байсан болохоороо л бэлтгэлээ таслалгүй явдаг байсан. Тухайн үед манайх айлаас цахилгаанаа авдаг байсан юм. Тийм болохоор цахилгааны хүчин чадал муу, заримдаа гэрэлгүй суух үе ч бий.

Тэгээд манайх 00:00-01:00 цагийн үед хүүгийнхээ бэлтгэлийн хувцсыг угааж, хувцсыг нь өглөө 07:00 цаг гэхэд хатаачихсан байхын тулд бусдыгаа сэртэл гал түлж хонодог байсан.

Тэгээд хүү минь өглөө бүр зайрмагтаж хоносон ус халааж, толгойгоо угаачихаад бэлтгэлдээ явдаг байсан юм. Бэлтгэлээ тарчихаад “Өгөөмөр” зах дээр тэрэг түрдэг, автомашины сэлбэг, төмөр авч, борлуулдаг хоёр ахдаа тусалдаг байлаа.

Бид түүнийг бэртэж, гэмтчих вий гэж болгоомжилдог байсан ч тэр бэлтгэлээ тараад л хоёр ах руугаа гүйчихдэг байсан юм. Тэгээд хүүхдүүд минь орой хүртэл ажиллаад хамгийн сүүлийн автобусанд амжиж суудаг байсан.

Тэр үед хамгийн сүүлийн автобус Хархорин захаас цааш явдаггүй байсан юм. Тэгэхээр хүүхдүүд минь Хархориноос алхаад ирдэг байсан. Манайх хөдөөнөөс нүүж ирэхдээ Нарантуул захын ард амьдардаг байсан юм.

Тэр цагаас би Нарантуул зах дээр хоол зарж, хүүхдүүд минь “Өгөөмөр” дээр  ажилладаг болсон юм. Сүүлд нь Толгойт руу нүүсэн ч бид ажлаа орхиогүй. Хүүхдүүд минь одоо хувиараа бизнес эрхлээд сайхан амьдарч байгаа.

-Хүү нь ах нартайгаа барилддаг байв уу. Барилдах сонирхолтой болоход нь ах нар нь нөлөөлсөн болов уу?

     -Цогоо ухаан орсон цагаасаа “Барилдана, бөх болно” гэж ярьдаг байсан тухай дээр дурдсан. Гэхдээ ах нартайгаа барилддаг байсан болохоор бөх болох сонирхол, хүсэл нь улам нэмэгдсэн байж магадгүй.

Түүнийг бөх болно гэж бэлтгэлд явдаг болсон цагаас л манайх орой бүр гэртээ дэвжээ засаж, хүүхдүүдээ барилдуулдаг байсан.

Тэгээд Цогоог даван давтал тэднийг барилдуулж, өөрсдөө тойрч үздэг байлаа шүү дээ.

-Хүүгийнхээ хүсэл, мөрөөдлийг биелүүлэхийн тулд бэлтгэлийг нь таслуулахгүй хүүгээ урамшуулж, зоригжуулдаг байсан та бүхний сэтгэл, зүтгэл Цогоог илүү сайн хичээх, сайн барилдахад нөлөөлсөн байх шүү?

     -Харин тийм ээ. Бид ч хүүгийнхээ бэлтгэлийг таслуулчихгүй юм сан гэж анхаардаг байж.

Хүү минь ч чин сэтгэлээсээ бэлтгэлдээ явдаг, сонирхолтой байсан болохоор тэр холоос ирэхдээ хүртэл нэг ч удаа шантарч байгаагүй.

Нэг өдөр Цогоог бэлтгэлд нь явуулах автобусны мөнгөгүй болчихсон байсан.

Аав нь таксинд явж мөнгө олохоор гарсан боловч, хол явах хүн таарч хүүг бэлтгэлдээ явахаас нь өмнө ирж амжаагүй юм.

Гэтэл миний хэтэвчинд тарнитай 500 төгрөг, 20 төгрөг хоёр байхаар нь хоёуланг нь алгандаа хавсарч, 500 төгрөгийнхөө энергийг 20 төгрөгт шингээж  байгаад хүүдээ 500 төгрөгийг нь өгөөд явуулж билээ.

Энэ мэт жижиг зүйлээс л хүүгийн минь хөдөлмөрч, тууштай зан олон амжилтад хүрэхэд нөлөөлсөн байх.

-Таны хань хүүгийнхээ барилдааныг хэрхэн үздэг байв. Хүүгээ дэлхийн их цэнгэл олимпын наадамд оролцож, зон олноо баярлуулна гэж итгэж, найдаж байсан байх даа?

          -Миний хань хүүгийнхээ барилдааныг  юу ч дуугарахгүй тохитой сууж байгаад үздэг байсан. Тэгээд хүүг минь медаль авахаар манай хүн рүү хамаатан садан, найз нөхөд нь залгаж баяр хүргэдэг байв.

Тэгэхээр “За, баярлалаа. Дахиж үзнэ ээ хө. Би нэг галзуу хүнтэй л юм үзэж байх шиг байна” гэж ярьдаг хүн байсан.

Хань минь 2021 оны есдүгээр сард хүнд өвчний улмаас бурхан болсон. Мөн өнгөрсөн жил  Ц.Цогтбаатарыг ДАШТ-нд оролцохоор явсан хойгуур нь нэг эгч нь автозамын ослоор бурхан болсон юм.Тэр үед миний сэтгэл санаа тун таагүй байлаа. 

Аав нь бурхан болохоосоо өмнө “Хүүгээ олимп, дэлхийн аварга болохыг үзэх юм сан” гэж үргэлж ярьдаг байсан. Тэгээд бурхан болохынхоо өмнө хүүдээ “Миний хүү олимп, дэлхийн аваргын медаль авахаараа аавынхаа зургийн хоёр талд өлгөчихөөрэй” гэж гуйж байсан.

Миний хүү аавынхаа хүслийг маш хурдан гүйцээлээ. Олимпын медалиа зүүчихээд “Аав аа, хүү нь чадлаа” гэж ярилцлагынхаа үеэр хэлж байсан шүү дээ.

-Таны хүү ямар зан араншинтай вэ?

   -Миний хүү их уян зөөлөн сэтгэлтэй. Би хүүгээ тийм байх нь  зөв гэж боддог. Мэдээж, залуу хүн учир үе тэнгийнхэнтэйгээ сахилгагүйтэх үе байсан.

Гэхдээ одоо насанд хүрч, тодорхой хэмжээний амжилт гаргаж байгаа болохоор илүү ухамсартай, хариуцлагатай болно шүү дээ.

-Таны хүү Баянхонгор аймгаар овоглодог юм билээ. Хүү нь тэнд төрсөн юм уу?

  -Би Баянхонгор аймгийн Хүрээмарал сумынх. Миний хүү Улаанбаатар хотод төрсөн. Гэхдээ миний хүүг Баянхонгор аймаг “төрүүлсэн” гэж боддог.

Яагаад гэвэл миний хүүг уралдаан тэмцээнд ороход нь тус аймгийн Дорждэрэм гэх хүн ивээн тэтгэж,  Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга 12, 13 настай байхад нь аймгийнхаа тамирчидтай хамт бүх зардлыг дааж, бэлтгэл хийлгэдэг байлаа. Мөн Ц.Шийрэв багш, дасгалжуулагч манай аймгийнх шүү дээ.

Тэгээд би Ц.Шийрэв багш, Х.Баттулга нарт маш их баярладаг.

-Та эцэг, эхээс хэдүүлээ вэ?

      -Би ээжээсээ гурвуулаа, ааваасаа арвуулаа. Намайг дөрвөн настай байхад ээж минь 24 настайдаа улаан бурхан өвчнөөр нас барж байсан юм. Тэгээд би ээжийнхээ бага дүү дээр өссөн. Хоёр дүүг минь аав, аавын талынхан өсгөсөн. Тийм болохоор хүмүүс намайг ах дүүгүй, ганцаараа гэж ярьдаг болсон байна лээ.

Тиймээс Ц.Цогтбаатарыг хүртэл ах, дүүгүй, аав нь тааруухан амьдарч байгаад бурхан болчихсон гэж ярьдаг юм билээ. Тийм биш ээ. Миний хань хэв журам сахиулах цагдаа хүн байсан. Олон аймаг, сумдаар ажиллаж байгаад Баянзүрх дүүргийн цагдаагийн газар ажиллаж байгаад эмчийн хяналтад орох шалтгааны улмаас гэртээ гарсан. 

Эх сурвалж: ergelt.mn

LIKE Дарж үзнэ үү