Н.Оюунчимэг: Манай үеийнхэн бусдынхаа дууг дуулахыг цээрлэдэг байсан

“Ээжийн ариун сэтгэл”, “Чи бидэн хоёр”, “Сүүн цагаан хурим”, “Цасан дээрх танго” зэрэг дуугаараа ард түмэндээ танигдсан дуучин Н.Оюунчимэгтэй ярилцлаа. “Баян монгол чуулга”, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын “Хилчин” хамтлаг, “Варьете” чуулгаар овоглон уран бүтээлээ туурвиж явсан тэрбээр өдгөө чөлөөт уран бүтээлчийн хувиар үзэгчидтэйгээ уулзсаар яваа юм.

-“Эстрадын дуу дуулаачдын улсын уралдаан” -д орох гэж төрсний гэрчилгээнийхээ оныг засаж байсан-

-Монголчууд дуучин Ж.Оюунчимэгийг “Баянмонгол” чуулгын дуучин болсноос нь хойш мэддэг болсон байх. Харин “Баянмонгол”-д хүрэх зам хэрхэн тавигдсан талаар ярилцлагаа эхлэх үү?

-Би ер нь багын л урлагт сонирхолтой, цэцэрлэгт байхаасаа эхлээд урлагийн үзлэгт дуулж эхэлсэн. Арван жилдээ ч тэр. Ингэж дуулж яваад Дарханы “Залуучууд” театрт ажиллаж байсан хөгжмийн зохиолч Цэндийн Сүхбаатар багшийнхаа анхаарлыг татаж, урлагийн замд орох эхлэл минь тавигдсан. Тэр үед урлагийн үзлэг, орон нутаг улсын чанартай уралдаан тэмцээн их болдог, үнэхээр авьяастай хүмүүсийг шууд сонгоод урлагт оруулдаг тийм цаг үе байсан.

Ц.Сүхбаатар багш маань намайг найрал дуунд дуулахыг сонсчхоод дуудаж гаргаж ирж шалгаад, гоцлол дуулах даалгавар өгч билээ. Тэр үед л миний дотор “Урлагийн хүн болно” гэсэн бодол бат суусан санагддаг. Түүнээс хойш бүр цагаас нь эхэлж явсаар, явсаар мэргэжлийн урлагийн байгууллагад орж жинхэнэ уран бүтээлч болсон доо.

-Та Дарханых юм чинь “Залуучууд” театрт орсон уу?

-Тийм. Гэхдээ яг мэргэжлийн жүжигчин биш учраас сайн дурын уран сайханч маягаар л яваад байсан. Жүжигт олны хэсэгт гарна. Сүүлдээ найрал дуунд дуулдаг болсон. Тэр үед Монголд анх удаа “Эстрадын дуу дуулаачдын улсын уралдаан” болж, би орох гэсэн ч орж чадалгүй их харамсаж байж билээ.

Уралдаанд 18-аас дээш насныхан орох ёстой байдаг, гэтэл би 17-той, нэг нас дутаад орж чадаагүй юм. Харин энэ уралдаанд орох гэж төрсний гэрчилгээнийхээ он сарыг засчихсанаас болж сүүлд хэрэгт орох шахсан шүү дээ /инээв/.

Ингээд дараа жил нь насанд хүрч, “Орос дуу дуулаачдын улсын уралдаан”-д орлоо. Дуучин Д.Дуламсүрэн, С.Галхүү, С.Машлай ах, аймгийн театруудын мэргэжлийн дуучид орсон чанартай уралдаан болсон. С.Галхүү ах гэхэд Свердловскийн консерватори төгсөж ирээд “Баянмонгол” чуулгад орчихсон байсан. 18-хан настай охин энэ мундгуудтай өрсөлдөж байгаа байхгүй юу. Тэгэхэд би “Подмосковные вечера” дууг “Соёл Эрдэнэ” хамтлагтай дуулсан юм.

Айдас, түгшүүр их байсан, гэтэл дуу эхлээд л хамтлагийнхан араас маш гоё өргөж, дэмжиж өгөхөд урам орж, мэргэжлийн дуучин шиг л чөлөөтэй дуулж билээ. Яахав өөрт тэгж санагдаж байгаа юм л даа. Тэгсэн мөртлөө бас айгаад л. Уралдааны шүүгчид нь Ц.Намсрайжав, Ц.Пүрэвдорж нарын томчууд. Тэр уралдаанд би гуравдугаар байр эзлээд маш их баярласан

-Тэгээд Дархандаа ирээд театртаа жинхэлсэн үү?

-Дархандаа очоод Соёлын хэлтсийнхээ даргатай уулзаж, “Би эстрадын дуучин болмоор байна, намайг хот руу явуулж өгөөч” гэж гуйсан. Тухайн үед нагац эгч маань Хөгжмийн зохиолчдын хороонд ажилладаг, тэгээд уралдаанд ирж оролцох үед Ц.Намсрайжав гуайд “Манай дүү орж байгаа, та нэг хараадахаарай” гэж хэлсэн юм билээ. Ц.Намсрайжав гуай “Өгөгдөлтэй бол харна, байхгүй бол харахыг ч хүсэхгүй” гэсэн гэдэг.

Тэгээд уралдааны үеэр намайг хараад өгөгдөлтэй санагдсан юм байлгүй, эгчид маань хэлээд би Улаанбаатарт, “Баянмонгол” чуулга дээр  ирж шалгалт өгч байсан. Тэр үед надад ямар өөрийн гэсэн дуу байх биш, Алла Пугачевагийн дуунуудаас дуулж тэнцсэн. Ц.Намсрайжав гуай ч ”Энэ хүүхдийг авна” гэснээр 1981 оны сүүлээр “Баянмонгол” чуулгад дагалдан дуучнаар орж байлаа.

Тухайн үед эстрадын дуучин бэлтгэдэг сургууль гэж байгаагүй. Чуулга нь өөрөө дагалдан дуучнаар авч, хоёр жил яс бэлтгээд дуучин болгож гаргадаг байсан. Нот, хөгжмийн онол, гоо зүй гээд бүгдийг нь тэр хоёр жилд үзэж байгаа юм. Дөнгөж ороход л надад “Үүнийг уншиж судлаад шалгалт өгнө шүү” гээд маш их ном өгчихсөн.

Тэр бүгдийг судлах хэрэгтэй, гэтэл нэгэнтээ дагалдан дуучнаар орчихсон учраас тоглолтдоо бас орно шүү дээ. Намайг ороод долоо ч хоноогүй байхад манайхан хөдөө томилолтоор явсан юм. Би ч “За тэгвэл хичээлээ бэлдье дээ” гээд байж байлаа. Гэтэл манай чуулгын Том Оюунчимэг эгч Орост тоглолтоор явахаар болоод бид хоёр солигддог юм.

Тэр үед би Ц.Намсрайжав багшид “Яана аа надад тоглолтын хувцас ч байхгүй шүү дээ” гэж байснаа санадаг юм. “Зүгээр, наад хувцасныхаа өрөөнөөс өөртөө таарах юм олж аваад яв” гэж билээ.

Дорнодын нисэх буудлаас аймгийн төвийн зочид буудлын гадаа буухад Нандиа эгч гадаа нь нарны өөдөөс хараад нүдээ аньчихсан зогсож байсан. Мэргэжлийн урлагийн байгууллагад ороод авсан анхны томилолт, тоглолтууд маань ингэж эхэлж байлаа.

-Уран бүтээлийнхээ төлөө явж, хайрлаж хийхээр үзэгчдэд илүү хүрдэг-

-Шалгалт өгөхдөө өөрийн гэсэн дуу байгаагүй гэж та хэлж байсан. Тоглолтоор явахдаа ямар дуу дуулж байсан хэрэг вэ. Хамтлагийнхаа дууг дуулсан уу?

-Манай үеийнхэн нэг, нэгнийхээ дууг тэгж хамаагүй авч дуулдаггүй байсан шүү дээ. Болохгүй. Болдоггүй. Би жишээ нь, Нандиа эгчийн дууг дуулж болохгүй шүү дээ. Онжоогийн дууг дуулж болохгүй. “Чи өөрөө, өөрийнхөө төлөө, өөртөө таарсан дуугаа олж авахын тулд өөрөө яв” гэдэг байсан байхгүй юу.

Би өөрөө дуугаа олоод тэрийгээ найруулагчдаа өгөөд, аранжировкийг нь хийлгээд, оркестртойгоо нийлчихээд үзэгчдэд хүргэдэг байсан. “Үзэгчид хүлээж авахгүй байсан ч автал нь дуул” гэсэн зарчим үйлчилдэг байлаа шүү дээ.

-Дуучин өөрөө уран бүтээлээ олно гэхээр яг яана гэсэн үг вэ. Та жишээ нь анхныхаа уоан бүээтээ яаж олж авсан бэ. Үйл явцыг нь яриад өгөөч?

-Зохиолчдын хороон дээр очиж зохиолчдоос үг гуйна. Дууны хамгийн чухал суурь нь үг шүү дээ. Яваад очиход намайг хэн ч танихгүй шүү дээ. Хөөрхий амьтан, нэг жаахан юм л тэрүүгээр яваад байдаг. Зарим нь “За яах вэ, энэ дотроос үз” гэнэ.

Хүмүүс аль хэдийнэ шилээд авчихсан, үлдсэн шүлгүүдээ л үзүүлдэг байсан юм шиг байгаа юм. Гэсэн ч “За энэ нь ч гайгүй юм уу” гээд ганц хоёр шүлэг шилээд авч байгаа юм. Тэрийгээ бариад Хөгжмийн зохиолчдын хороо орно доо. Өнөө хэдэн шүлгээ үзүүлээд “Надад дуу зохиогоод өгөөч” гэж гуйна.

Гэтэл дуу гэдэг шууд үйлдвэрлэдэг талх биш шүү дээ. “Аваад үлдье” гэнэ, тэгээд таг болно. Тэр бүхнийг даван туулж байж өөрийн гэсэн уран бүтээлтэй болж байгаа юм. Гэсэн ч энэ ер нь их зөв процесс байсан гэж би боддог. Уран бүтээлж хүн уран бүтээлийнхээ төлөө явж, хайрлаж хийж гэмээ нь үзэгчдэд илүү хүргэдэг.

-Та тэгээд ямар шүлэг олов, анхны дуу тань ямар дуу байсан бэ?

-Би ямар хотын гэрэл ч билээ, нэг шүлэг аваад тэрийгээ дуу болгож чадаагүй юм. Тэгээд үнэхээр өөрийн гэсэн дуу байхгүй юм чинь яах юм бэ, ардын дуу руу орж байгаа юм чинь. “Сэндэр охин” гэх мэт ардын дууг эстрадын хэв маягт оруулж дуулсан. Хажуугаар нь орос дуу бас дуулна. Дарханыхаа “Ритм” гэж хамтлагийн оросуудтай дуулсаар ямар ч аялгагүй дуулж сурсан нь миний том давуу тал байсан. Үзэгчид нь ч их сайн хүлээж авдаг байв.

Ингээд байж байтал нэг өдөр манай Баянмонгол чуулгын уран сайхны удирдаач, төрийн соёрхолт, УГЗ Б.Нямдорж дуудахаар нь очтол нэг хүнтэй хамт байж байна. “За Жижгээ, энэ хүнийг таних уу” л гэж байна. Би танихгүй тул танихгүй гэдгээ хэлсэн. Гэтэл инээгээд “Манай нэртэй хөгжмийн зохиолч, Төрийн шагналт Зундайн Хангал гэж хүн” гэж танилцуулсан. “Эхийн ариун сэтгэл”-ийг бичээд “Баянмонгол”-д өгөхөөр авч ирсэн байсан юм билээ.

Манай уран сайхны удирдаач үзчихээд “Яг Жижгээгийн дуу байна” гээд намайг дуудсан хэрэг. Намайг дуулаад эхлдэхэд л З.Хангал гуай “Өө ёстой яг мөн байна” гэж байсан даа. Тэгээд радиод бичүүлж, хэд явсны дараа “Хүсэлтийн хариу” нэвтрүүлэгт орж, нэг үгээр хит болсон доо. Тэр үед дуучин, дууны чансаа “Хүсэлтийн хариу”-гаар тогтоогддог байлаа.

-Дуулсан дуу нь хит болоод ирэхээр хөгжмийн зохиолчид өөрсдөө дуу өгч эхэлсэн байх?

-Тийм. Өөрсдөө дуу өгье гэж ирдэг болдог юм билээ, гоё. Нэг ёсондоо миний зам нээгдчихэж байгаа байхгүй юу. З.Хангал ах дуудаад “За миний охин нэг жүжгийн дуу дуулна шүү”, “нэг киноны дуу дуулаадах” гэнэ. Би “Галын урсгал” киноны дууг дуулсан, З.Хангал ахынх шүү дээ. Тухайн үед хөгжим, дуу бичлэгийн чанар тиймхэн байсан ч одоо сонсохоор их гоё сонсогддог.

https://youtube.com/watch?v=BjKUQDcJlY4%3Ffeature%3Doembed

-Дараа нь ямар дуу дуулсан бэ?

-Чуулгын уран сайхны удирдаач Б.Нямдорж “Чи бидэн хоёр”-ыг биччихсэн байсан. Сонин уншиж байгаад Б.Лхагвасүрэн гуайн “Чи бидэн хоёр” гэдэг шүлгийг олж харсан юм билээ. Тэгээд дуу болгох гээд суусан чинь ая нь миний хоолойгоор орж ирээд байсан гэдэг.

Тэгээд энэ дуугаа надад өгсөн. Манайх жилд хоёр удаа Радиогийн алтан фондод бичлэг хийлгэдэг байсан. Тийш нь хийчихсэн чинь бас л “Хүсэлтийн хариу”-гаар гараад ирсэн. Залуучуудын амны уншлага болж байлаа.

-Та нэгэнтээ “Баянмонгол” чуулга дотроо хамгийн олон дуутай гэж өгүүлсэн. Хэчнээн дуутай вэ?

-Би өөрөө 30, 40-өөд дуутай гэж бодож байсан чинь өөр олон дуу гарч ирэхээр юм билээ. Тэр үед чинь хөгжмийн зохиолчид ирээд “Явья, радиод дуу бичүүлье” гэдэг, “Мэдэхгүй шүү дээ” гэхээр “Очоод сурчих аа” гэдэг байсан.

Радил дээр очоод нотоор нь сураад шууд бичүүлдэг байлаа. Миний өөрийн мартсан дуунууд хүртэл гарч ирээд байгаа юм чинь. Сүүлд “Хилчин” хамтлагт ороод “Хоовон” Энхбаярын нэлээд хэдэн дууг дуулсан. Манай хамтлагийн ахлагч байсан юм.

-Урлагийн төлөө надаас асар том золиос гарсан-

-Таныг төрөөд удаагүй байхдаа ажилдаа орсноос болоод нялх хүүхдээ алдаж байсан гэж сонссон. Урлагийн төлөө, ажлын төлөө тэгж их зүтгэж байсандаа одоо харасдаг уу?

-Заримдаа би өөрийгөө ойлгодоггүй юм. Яагаад гэхээр, би урлагийн төлөө энэ амьдралаа золиослочихсон хүн байхгүй юу. Ерөөсөө л надаас золиос гарчихсан. Асар том золиос гарсан, надаас. Гэхдээ би өөрөө л үхэн хатан зүтгээд энэ урлаг гээд явчихсан болохоор хэнд гомдох вэ дээ, тийм ээ. Бурхан намайг бүтээхдээ “Чи урлагийн төлөө зүтгэж байгаад л энэ дэлхийгээс яваарай” гэсэн юм шиг санагддаг.

-Хадмын талаасаа шахалтад орж гэр бүлээсээ салсан, зургаан сартай хүүхдээ алдсан гэж сонсож байсан. Тухайн үед гэр бүлээ авч үлдэх боломж байгаагүй юу?

-Урлагийнхан тухайн үед сайн нэртэй байгаагүй нь нөлөөлсөн байх, “Урлагаа сонго, эсвэл гэр бүлээ сонго” гэсэн тулгалт ирж байсан. Би тэгэхэд ямар ч эргэлзээгүй урлагаа сонгоод явж байлаа. Хүүхдээ алдсан тухайд, төрөөд удаагүй байхад Д.Ухнаа дарга “Ажилдаа ор, ор” гэж шахсаар байгаад оруулсан. Төлөвлөгөө биелүүлэх гэж тоглолтоор их явдаг байсан.

Тэгж явахдаа хүүхдээ Дарханд ээж аав дээрээ орхисон юм. Тэр хоёр маань хүүхдээс төсөөрсөн, дээр нь ээж нь байхгүй хүүхэд яаж олигтой байх вэ. Даарч хөрөөд ханиад хатгаа авсан юм шиг билээ. Нэг өдөр аав ирээд намайг аваад явсан. Ороход хүү минь яг намайг хүлээж байсан юм шиг л байсан даа.

Би одоо бодоод байхад их тэнэг байжээ. Урлаг, урлаг гэж явсаар ээж, аавыгаа ч олигтой халамжилж чадаагүй. “Та яаж байна, ийж байна” гэж ховор асуусан санагддаг.

Эх сурвалж: Eguur.mn

LIKE Дарж үзнэ үү