Дөрвөн хүүхдийг галын аюулаас аварсан Түргэний их эмч М.ХУЛАН: Гал гарах үед тэр замаар явж таарч, хүүхдүүдийг амжиж аварсандаа баяртай байгаа

 

Галын аюулаас нэг айлын дөрвөн бяцхан үрийг аварч, галыг нь унтраан нэг айлыг элэн бүтэн үлдэхэд нь тусалсан Нийслэлийн түргэн тусламжийн тасгийн их эмч М.Хулан, жолооч Э.Бямба-Эрдэнийн талаар бид өмнө нь мэдээллэж байсан билээ. Их эмч М.Хулан яаралтай тусламжийн эмчээр ажиллаад гурван сарын хугацааг өнгөрүүлж буй залуухан эмч бөгөөд өөрийнх нь  хийсэн эмчилгээ үр дүнгээ өгч байгааг харах эмчээр ажиллахад хамгийн том түлхэц болдог гэнэ.

-Галын аюулаас дөрвөн хүүхдийг аварч нэг гэр бүлийг элэг бүтэн үлдэхэд нь тусалсан түргэний жолооч Э.Бямба-Эрдэнэ та хоёртоо баярлалаа. Тухайн өдөр юу болсон юм бэ?

        -Яаралтай тусламжийн хоёр дуудлагатай явж байх үед жолооч ах маань айлд гар гарч байгааг харсан. Биднийг тухайн  айлд очих үед 2-12 насны дөрвөн хүүхэд нимгэн хувцастай, хоёр настай бага нь бүүр ямар ч хувцасгүй гадаа чичирчихсэн зогсож байсан. Би хүүхдүүдийг хашаанаас нь гаргаж, жолооч ах гэрт гарсан галыг унтраахаар ажилласан.

-Хүүхдүүдийн биеийн байдал ямар байсан бэ. Гэр бүлд нь хүлээлгэж өгсөн үү?

        -Хүүхдүүд бага зэргийн угаартсан байдалтай байхад нь хэрэгтэй арга хэмжээг нь авсан. Гэр бүлд нь хүлээлгэж өгч чадаагүй ээ, хажуу хөршийнд нь оруулж өгсөн. Бид тэр үед яаралтай хоёр дуудлага явж байсан болохоор удаан саатах боломжгүй, галыг унтраагаад л явсан даа.

-Яаралтай тусламжийн эмчээр ажиллаад хэр удаж байгаа вэ?

       -Яаралтай тусламжийн эмчээр ажиллаад гурван сар болж байна. Яаралтай тусламжийн эмчээр ажиллах сайхан байгаа. Олон хүнтэй харьцана. Миний  хийсэн эмчилгээ үр дүнгээ өгч байгааг шууд харах боломжтой байдаг нь хамгийн сайхан.

-Түргэн тусламжийн эмчээр ажиллахад тулгардаг саад бэрхшээл бий юү?

       -Хаягжилттай холбоотой төөрөх асуудал их гардаг. Айлаа олохгүй үед залгана утсаа авахгүй байх үе элбэг тохиолдоно. Тэр бүрийг туршлагатай жолооч ах нарынхаа ачаар давж гардаг даа. Утасаа авахгүй бол дараагийн дуудлагадаа явдаг. Бүгд л яаралтай шүү дээ. Заримдаа өвчтөн түргэний эмчээс ид шид шаарддаг. Нэг удаагийн өвдөлт бус эмнэлгээр явж эмчлүүлэх шаардлагатай өвчин байхад эмчийг эмчилгээ хийсэнгүй гэж буруутгах тохиолдлууд бий.

-Очиж байсан хамгийн хэцүү яаралтай дуудлага ямар дуудлага байсан бэ?

      -Анх туршлагагүй эмчид дуудлага бүр хэцүү байсан. Энэ тариа хэрхэн зөв хийх үү гэдгээс л асуудлууд гарч ирж эхэлсэн. Өвчний дуудлагаас гадна гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг айлд очсон тохиолдолд дараа нь нөгөө айлдаа санаа зовж, хэцүү байдалд тухайн эмэгтэй орхиод явсандаа гэмшдэг.

-Эмч хүний хамгийн жаргалтай үе нь хэзээ байдаг юм бэ?

      -Өвчтөний биеийн байдал сайжрах эмч хүний хувьд хамгийн том урам, түлхэц байдаг. Тэр дундаа миний хийсэн эмчилгэлээ тухайн хүнийг эрүүл болгож байвал хамгийн сайхан. Нэг удаа харвалт өгсөн хүнийг эмчилсэн юм. Бид яаралтай үед авах ёстой бүх арга хэмжээгээ авчхаад гуравдугаар эмнэлэгт хүргэж өгсөн юм. Тэгсэн орой над руу холбогдоод “Шуурхай арга хэмжээ авч  ээжийг маань аварсанд баярлалаа,  биеийн байдал сайжирч байна” гэж хэлсэн. Тэр болгон мэргэжлээрээ бахархах үндэс болдог доо.

Эх сурвалж: Ergelt.mn

LIKE Дарж үзнэ үү