Машинаа ачуулсан иргэн Б: Ачилтын машины жолооч над руу залгаад “Шүүхэд хандаж, тултал мөнгө гаргуулж авна” гэж дарамталж байна

Автомашин ачилтын компанийнхан хүүхдээ тэвэрсэн залуугийн машиныг ачиж явах гэж байгаа бичлэг цахим сүлжээнд цацагдсан билээ. Тодруулбал, өчигдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт уг үйл явдал болсон юм. Бид энэ талаар машинаа ачуулсан жолооч Б-тэй холбогдож, тодрууллаа.

-Өчигдөр яг юу болсон юм бэ. Та машинаа хаан байрлуулсан байсан бэ?

       -Эхнэр маань мэс засалд ороод, эмнэлэгт хэвтэж байгаа юм. Баянмонгол хороололд байх ахындаа хоёр ой хүрээгүй хүүгээ үлдээгээд, эхнэртээ хоол хүргээд ирсэн. Эмнэлэг орчихоод хүүгээ авахаар ахынх руугаа орохдоо автобусны буудлын урд талд машинаа шахаад тавьчихсан юм. Хүүгээ ахынхаасаа аваад 10 минут ч хүрэхгүй хугацаа болоод ирэхэд машиныг минь ачаад хөдөлж байсан.

Хүүгээ хажууд явсан ахад гуйж тэврүүлээд, араас нь хар хурдаараа гүйж очсон. Ачилтын машиныханд үнэн учраа хэлж, гуйсан. “Хүү минь халуураад, бие нь тавгүй байна. Автобусны буудал дээр автомашинаа байрлуулсан нь миний буруу. Машиныг минь буулгаад өгөөч” гэж зөндөө хэлсэн. Даанч хүний амьдрал ойлгох нь битгий хэл үг ч аваагүй. 

“Чиний амьдрал надад хамаагүй” гээд явах гээд дайраад байсан. Тэр үед би хүүтэйгээ хоёулхнаа явж байсан. Хажууд явж байсан хүмүүс сайхан сэтгэл гаргаж тэр хугацаанд хүүг тэвэрч өгсөн.

Миний хүү даарч, айсандаа зөндөө уйлсан ч ачилтын компанийнхан биднийг хүн гэж хүлээж аваагүй. Би бүр “Ачилтынх нь мөнгийг олоод өгье. Хүүг минь машинд оруулаад суулгачих, даараад байна” гэж хүртэл хэлсэн. Даанч ойлгоогүй.

-Цагдаад хандсан уу. Хүүгийнх нь биеийн байдал ямар байна вэ?

       -Хүү маань бага зэрэг ханиадтай, халуурсан хэвээр л байна. Ачилтын компанийнхан цагдаа дуудсан юм билээ. Намайг байж суух газаргүй болгож, үгээр идэж, туйлдуулж, цохиход хүргэчихээд танхайрсан гээд дуудлага өгчихсөн байна лээ. Цагдаа нар ирээд, намайг олон нийтийн талбайд танхайрсан гээд 100 мянган төгрөгөөр торгосон.

Торгуулиа заавал өнөөдөр төлөх ёстой юм билээ. Гэхдээ надад торгууль төлөх мөнгө алга байна шүү дээ. Хэрэв төлөхгүй бол цагдаа нар шүүхэд шилжүүлнэ гэсэн. Өөр арга байхгүй бол шүүхэд дуудагдахаас өөр яалтай билээ дээ.

-Таны машиныг ачаад явсан юм уу, үлдээсэн юм уу?

         -Цагдаа нар үлдээчих гэсэн учраас үлдээгээд явсан. Ачилтын мөнгөнөөсөө илүү торгууль төлөх боллоо.

-Ачилтын компанийн жолооч тантай холбогдсон уу?

          -Өчигдрөөс хойш залгаж, дарамталж байна. “Би чамайг шүүхэд өгнө. Тултал нь мөнгө гаргуулж авна. Чи харж байгаарай” гээд л хашхираад байна шүү дээ. Тэр залуу шүүхэд хандвал би ч бас хуулийн байгууллагад гомдол гаргах болно.

Эх сурвалж: Ergelt.mn

LIKE Дарж үзнэ үү